Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн зорилго Зориг сангийн эрхэм зорилго нь хүчтэй иргэний нийгмийг төлөвшүүлэн Монголд ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэх явдал билээ. Энэхүү зорилгод хүрэхийн тулд Зориг сан болон АНУ дахь Зориг сан ардчилсан нийгмийн утга учрыг тайлбарлаж, иргэдийг бэлтгэх олон нийтийн боловсролын байгууллагуудыг дэмжих болон тийм байгууллагыг байгуулах шаардлагатай гэж үздэг. Залуу Лидер Хөтөлбөрийн (ЗЛХ) үндсэн санхүүжилтийг АНУ-д төвтэй, Монголын ардчиллын төлөө ажилладаг ашгийн бус байгууллага АНУ-дахь Зориг сан хариуцдаг юм.

2003 оны намраас эхэлсэн ЗЛХ нь их, дээд сургууль төгссөн Монгол залуучуудад манлайлах, удирдах чадваруудаа сайжруулж нийгэм, эдийн засаг, улс төрийн зэрэг улс орондоо тулгарч буй асуудлуудаар мэдлэгээ дээшлүүлэх боломжыг олгодог. Манлайлагч болохын тулд хүн болж төлөвших ёстой гэж Зориг сан ойлгодог. Тиймээс манлайллыг хөгжүүлнэ гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх үйл явц бөгөөд ЗЛХ Монгол залуучуудыг өөрийгөө хөгжүүлж амжилтанд хүрэх замаа олоход нь тусалдаг.

Хөтөлбөрт жил бүр 22-25 насны 20 хүртэлх тооны залуус шалгаран харилцаа холбоо, сэтгэн бодох болон дүн шинжилгээ хийх, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх зэрэг манайлан удирдах ур чадварыг хөгжүүлэх найман сарын хөтөлбөрт хамрагддаг. Хөтөлбөр нь амьдрал дээрх бодит байдалтай танилцах болон танхимын ярилцлага, хэлэлцүүлэгийн хосолмол хэлбэрээр зохион байгуулагдсан байдаг. Түүнчлэн хөтөлбөрт оролцогчид үндэсний болон дэлхий нийтийн өмнө тулгарч буй нийгэм, бизнес болон улс төрийн зэрэг асуудлуудтэй танилцах боломжтой. Ихэнх хичээлийг үндэсний, гадаадын болон олон улсын тэргүүлэгч бизнесүүд, туршлагатай мэргэжлийн байгууллага, хувь хүмүүс заадаг.

ЗЛХ-ийн онцлох нэг хэсэг нь залуу лидерүүд хөтөлбөрийн явцад өөрсдийн хүчээр нийгмийн хөгжлийн төсөл боловсруулан хэрэгжүүлдэг. Хөтөлбөрт оролцогчид орон нутагтаа хэрэгтэй төслийг хэрхэн боловсруулах, төлөвлөх, зорилгоо тодорхойлох талаар чиглэл авч багуудад хуваагддаг. Багууд шилдэг үйл ажиллагаа, төслийн төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилтээр хоорондоо өрсөлддөг. Хөтөлбөрийн төгсгөлд төслийн аман болон бичгэн тайлангуудыг хүлээн авч багуудад шагнал гардуулдаг.

Иймэрхүү төсөл нь оролцогчдод нийгэмд тулгамдсан асуудлуудыг танилцуулах бус тэдний харилцааны ур чадвараа дээшлүүлэх, багаар ажиллах сурах болон төслийн удирдлагын анхан шатны арга барилд суралцахад нь дэмжлэг болдог.

0 Сэтгэгдэл: